БНХАУ-ын эрх баригчид ирэх оны 1-р сарын 8-ны өдрөөс эхлэн хилийн чанадаас ирж байгаа иргэдийг тусгаарлах журмаа албан ёсоор цуцлахаар болсноо даваа гарагт мэдэгдсэн байна. 2020 оны 3-р сараас хойш Хятад улсыг зорин очиж буй гадаадын иргэд хорио цээрийн 10 хоногийн дэглэмийг дагаж мөрдөж байсан.
БНХАУ-ын эрх баригчдын танилцуулсан шинэ журмын дагуу цар тахлыг А ангиллын халдварт өвчнөөс В ангилал руу бууруулж, хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна. Тусгаарлах хугацааг өнгөрсөн 6-р сард гурван долоо хоногоос 14 хоног болгон өөрчилсөн бол өнгөрсөн сард арван хоногт хүргэж багасгажээ.
Ирэх оны 1-р сарын 8-аас эхлэн Хятад улсад зорчих иргэдээс зөвхөн 48 цагийн PCR шинжилгээний хариу шаардах бөгөөд хилээр нэвтэрсний дараах нэгдсэн шинжилгээ, төвлөрсөн тусгаарлалтын арга хэмжээ цуцлагдсан байна. Хятад улсад вирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаа ч эрүүл мэндийн салбар цар тахлын дэгдэлтийн оргил үеийг даван туулахын тулд бүх арга хэрэгслээ ашиглаж байгаа тухай эрх баригчид нь мэдэгджээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүний амийг аврахын тулд боломжтой бүхнийг хийхийг уриалсан бол тус улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд илүү зорилтот хариу арга хэмжээ авахыг шаардсан шинэ нөхцөл байдалтай тулгарсан тухайгаа төрийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлжээ.
Тэгвэл Хятад улсын Эрүүл мэндийн байгууллагаас тус улсын иргэдийн 90 орчим хувь нь “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцины бүрэн буюу хоёр тунд хамрагдсан гэж мэдэгдсэн ч насны хувьд ангилан авч үзвэл эрсдэлт бүлгийн дархлаажуулалтын хувь хангалттай бус байгаа юм. Тухайлбал, 18-50 насны иргэдийн 90-ээс дээш хувь нь вакцинд идэвхтэй хамрагдаж бүрэн тунг хийлгэсэн бол 50-аас дээш насныхны 60 орчим хувь нь л вакцины хоёр тунд хамрагджээ. Энэ нь Өрнөдийн улс орнуудын үзүүлэлттэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт төдийгүй суурь өвчтэй, ахмад настай иргэдийн хувьд хүйтний улиралд амиа алдах эрсдэл өндөр байгааг хөндлөнгийн судлаачид анхааруулжээ.