АНУ болон ЕХ-ны тогтоосон үнийн дээд хязгаарыг дагасан улс орнуудад ОХУ газрын тос нийлүүлэхгүй

Мягмар гарагт Кремлийн тэргүүн В.Путин барууны орнуудын эрх баригчид Оросын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоосонтой холбогдуулан хариу арга хэмжээ авч байгаагаа зарлажээ. Тэрээр Өрнөдийн улсуудын тогтоосон үнийн дээд хязгаарыг дагаж мөрдөж байгаа улс орнуудад ОХУ ирэх оны 2-р сарын 1-ний өдрөөс эхлэн газрын тос худалдахгүй гэж мэдэгдсэн байна.

Владимир Путиний гаргасан зарлигт “Орос улсыг газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг гадаадын хуулийн этгээд, хувь хүмүүст нийлүүлэх гэрээнд Өрнөдийн тогтоосон үнийн дээд хязгаарыг дагаж мөрдөхийг хориглож байна” хэмээн өгүүлжээ.

Долоогийн бүлэг, Европын холбоо, Австрали зэрэг улс орнууд Москвагийн Украйнд явуулж байгаа "Цэргийн тусгай ажиллагаа"-тай холбогдуулан энэ сарын 5-наас эхлэн Оросын нэг торх газрын тосны үнийг 60 ам.долларт хүргэхээр тохиролцсон юм. Өрнөдийнхөн дайныг санхүүжүүлж байгаа газрын тосны үнийг бууруулах, мөн эрчим хүчний үнийн өсөлтийг хязгаарлаж, инфляцийг тогтворжуулахын тулд уг шийдвэрийг гаргаснаа тайлбарласан байна.

Өрнөдийн улс орнуудын тогтоосон үнийн дээд хязгаарыг дагаж мөрдөөгүй тохиолдолд эдийн засгийн хориг арга хэмжээгээр шийтгүүлэх юм байна. Гэвч нөгөө талд ОХУ Өрнөдийн жишиг үнээр газрын тос худалдан авахыг эрмэлзэж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүст газрын тос худалдахгүй болоод байгааг шинжээчид онцолжээ.