Тайванийн засаг захиргаа цэргийн алба хаах хугацааг сунгажээ

Тайванийн Засаг захиргаа Хятад улсын талаас учруулж байгаа аюул, заналхийлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан цэргийн алба хаах хугацааг 2024 оноос эхлэн дөрвөн сараас нэг жил болгон сунгахаар болжээ.  Хятад улсын эрх баригчид Тайванийг өөрийн газар нутгийн салшгүй нэг хэсэг гэж тодорхойлдог төдийгүй зэр зэвсгийн хүчээр өөртөө нэгтгэх боломжтой талаар нэгэнтээ мэдэгдсэн юм.

Бээжингийн эрх баригчид Тайваньд цэрэг, дипломат болон эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхээс гадна сүүлийн гурван жилийн турш тус арлын эргэн тойронд цэргийн бэлтгэл, сургуулилалт явуулж байна. 1970-1990 оныг хүртэл Тайванийн 18 насны нийт эрчүүд цэргийн албыг гурван жилийн хугацаанд хаах үүрэгтэй байсан бол өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд дээрх хугацааг нэг жил, дараа нь 10 сар болгон богиносгосоор хамгийн сүүлд дөрвөн сар болгожээ.

Тайванийн Засаг захиргааны Тэргүүн Цай ин вэн “Манай иргэд дайныг хүсээгүй, олон улсын хамтын нийгэмлэг мөн адил, гэхдээ БНХАУ-ын 8-р сард зохион байгуулсан өргөн хүрээний цэргийн бэлтгэл, сургуулилалт нь дайны эрсдэлийг нэмэгдүүлсэн” гэдгийг цохон тэмдэглэжээ. Тэрээр “Тайвань Авторитар дэглэмийн тэлэлтийг хязгаарлах тэргүүн шугамд зогсож байгаа тул цэргийн алба хаах хугацааг сунгах амаргүй шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгджээ.

Ану-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тус бүсэд гэнэтийн айлчлал хийсний дараагаар Тайванийн хоолойн зөрчил хурцдаад байгаа юм. Хятадын Коммунист намын дарга Ши Жиньпин зэр зэвсгийн хүчээр Тайванийг эх газрын Хятад улстай нэгтгэх боломжтой талаар дурдсаны хариуд ану-ын эрх баригчид Хятад улс Тайвань руу цэргийн хүчээр довтолбол, өөрийн зэвсэгт хүчнээ илгээхэд татгалзах зүйлгүй гэдгийг анхааруулсан юм.