Энэ онд дунджаар гар утасны 400 гаруй хулгайн гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээр хэрэг илрүүлэлтийн хувь 33.2 хувь буюу өнгөрсөн оноос 8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон иргэд Цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлдэг ч дийлэнх нь хэргээ шийдвэрлүүлж чадалгүй эд хөрөнгөөрөө хохирч үлддэг байна.
Нийслэлийн хэмжээнд 2022 оны эхний 11 сарын байдлаар нийт 4,304 халаасны хулгайн гэмт хэргийн өргөдөл, гомдол бүртгэгдсэн байна.Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн нийтийн тээвэр болон автобусны буудал,гудамж талбай, худалдааны төв орчимд үйлдэгджээ. Халаасны хулгайн гэмт хэргийн 82.5 хувь гap утас, 17.5 хувь нь бусад эд зүйл байна гэсэн судалгаа гарчээ.Халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдсон 985 орчим этгээд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг.
Тэгвэл зарим иргэдийн зүгээс гар утсаа алдсан талаар цагдаагийн байгууллагад ханддаг ч хохирлоо барагдуулсан тохиолдол цөөн байдаг гэсэн юм.
Халаасны хулгай үйлдэгч этгээдүүдийн арга барил нарийсаж аль байрлалд хаана камер байдаг талаар нарийн судалсан байдаг. Хэсэг бүлэг этгээдүүд 4 цагийн дотор 35 ширхэг гар утас хулгайлах энгийн үзэгдэл мэт болжээ. Үүнээс хохирсон иргэдийн цөөн хэд нь л цагдаагийн байгууллагад ханддаг. Тиймээс гэмт хэрэг илрүүлэлт удаашрахад хүрдэг тухай тус байгууллагын төлөөлөл ярьж байсан юм. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдэд зөрчлийн болон эрүүгийн хуулиар хариуцлага тооцож зургаан сараас таван жил хүртэлх хугацаанд хорих ял оногдуулдаг байна. Иймд баярын өдрүүдэд олон нийтийн газар иргэдийн бөөгнөрөл ихэсдэг учраас зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сануулж байна.