Зарим худалдааны байгууллага, худалдаачид хямд төсөв зардлаар чанаргүй бүтээгдэхүүн бүхий шинэ жилийн бэлгийн багц боон худалдаалж байна. Бэлгийн багцад орсон товчин зайтай чихэр болон соронзон тоглоом хүүхдийн гар дээр очиж, тэдний эрүүл мэнд цаашлаад амь насанд ч эрсдэл үүсгэж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
12-р сарын 1-ний өдөр соронз залгисан гэх оноштой хүүхэд орон нутгаас Эх Хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвд ирсэн байна. Хугацаа алдсаны улмаас тухайн хүүхдийн ходоод хоорондоо наалдан, цоорч хүндэрчээ. Энэ мэт гадны биет залгисан гэх оноштой хүүхэд эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өдөрт дунджаар 3-4 тохиолдол ирдэг байна.
Товчин зай, соронз зэрэг гадны биет залгисан бол хүүхдийн улаан хоолойгоор дамжин ходоод руу орно. Зарим тохиолдолд улаан хоолойд тээглэн үлдэх тохиолдол ч байдаг юм байна. Ингэж товчин зай, соронз хүүхдийн бие организмд орсноор хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон бусад эд эрхтнийг хурдацтай түлж цаашлаад эд эрхтнийг цоолох зэрэг ноцтой гэмтэл учруулахаас гадна амь нас эрсдэх тохиолдол ч байгаа юм.
Зөвхөн чихрээс гадна, удирдлага, тооны машин, халууны шил, цаг, удирдлагатай тоглоом, хөгжимт ном, гэрэлтдэг гутал зэрэг нь товчин зайгаар ажилладаг. Иймд эдгээр зүйлсийг болгоомжтойгоор хэрэглэх, зай сулрахаас сэргийлсэн хамгаалалттай эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Товчин зайг мөнгөн ус, цайр, хар тугалга зэрэг химийн элементүүд, хүнд металлуудын оролцоотой бүтээдэг. Тиймээс энэ нь хүний бие организмд орсон цагаас эхлэн задралд орж, маш хүчтэй хүчил ялгаруулдаг аюултай.
Шинэ жилийн бэлгийн багцад орж буй товчин зайтай чихэр нь гэрэл асааж хүүхдийн анхаарлыг татах ч гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм. Мөн бага насны хүүхдүүд чихэр, тоглоомд байдаг товчин зайг залгиснаар хурдан хугацаанд хүндрэл үүсгэх эрсдэлтэй байдаг тул цаг алдалгүй эмнэлэгт хандаж, арга хэмжээ авах шаардлагатай. Мөн хүүхдийн бэлгийг сонгохдоо сайтар анхаарах хэрэгтэйг эмч, мэргэжилтэн зөвлөж байна.