В.Путин: Украинд гаргасан алдаагаа залруулна

Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалах яамны жилийн эцсийн тайланг сонссон бөгөөд зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний удирдлагуудыг багтаасан, өргөтгөсөн хуралд оролцжээ. Тэрээр “Дайснууд Орос улсыг хуваан, бутаргахыг хүсэж байсан төдийгүй барууны өдөөн хатгалгын улмаас Орос Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулахаас өөр аргагүйд хүрсэн” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Мөн В.Путин “Цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа нийт цэргийн алба хаагчид, офицеруудыг баатар” хэмээн тодорхойлжээ. Үргэлжлүүлэн тэрээр “ямар ч үнээр хамаагүй Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааг ялалтаар дуусгаж, зорилгодоо хүрэх” амлалтыг өгсөн байна.

Хурлын үеэр Кремлийн тэргүүн “Мөнгө санхүүгийн аливаа хязгаарлалтыг цуцалж, зэвсэгт хүчний хүссэн бүхнийг орос улсын засгийн газар өгнө”. Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаанд гарч байгаа аливаа алдааг залруулна гэдгээ онцлоод оросын зэвсэгт хүчний нөөцийг даруй 30 хувиар нэмэгдүүлэх амлалтыг өгчээ.

Мөн холбооны Улсын Хурал буюу Парламентдаа тавьдаг жил тутмын илтгэлээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа мэдэгджээ. Гэхдээ ямар шалтгааны улмаас хойшлуулснаа тайлбарлаагүй юм.