БНХАУ цар тахал дэгдсэнээс хойш анх удаа хилийн чанадаас вирусийн халдварын эсрэг вакцин хүлээн авчээ

Лхагва гарагт Германы Гадаад Хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “BIONTECH компанид үйлдвэрлэсэн багц вакциныг БНХАУ руу илгээсэн” талаар мэдээлжээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш Хятад улс анх удаа хилийн чанадаас вирусийн халдварын эсрэг вакцин хүлээн авахаар болжээ.

Албаны эх сурвалж вакцинуудын хүргэлтийн хугацаа, хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Хятад улсад байнгын оршин суудаг Германы иргэд болон бусад гадаадын иргэд хүсвэл тус вакцины тунд хамрагдах боломжтой юм байна.

Мөн БНХАУ-ын эрх баригчид тус улсад оршин суух гадаадын иргэдэд өнгөрсөн долоо хоногт вакцинтай холбоотой захидлыг илгээсэн байна. Захидалд өгүүлснээр “Хятад улсад оршин сууж байгаа 12-оос дээш насны хүн бүр Европын Холбооны улсуудад хүлээн зөвшөөрсөн “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцины үндсэн болон нэмэлт тунд үнэ төлбөргүй хамрагдахыг уриалж байна” гэжээ.

Вакцинуудыг Хятад улсад үйл ажиллагаа явуулдаг Германы компаниуд болон Элчин Сайдын яамны байрт хүргэнэ. Бусад улсын иргэд хэрхэн вакцинд хамрагдах талаар Европын Холбооны эрх баригчид хэлэлцэж байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Бээжингийн эрх баригчид хилийн чанадаас вакцин эх орондоо нэвтрүүлэхийг зөвшөөрсний хариуд Европын холбоо тус бүсэд оршин суудаг Хятад улсын иргэдийг “Синовак” вакцинд хамрагдахыг зөвшөөрчээ. ДЭМБ Хятад улсад үйлдвэрлэж байгаа “Синовак” вакциныг яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрсөн бол европын эмийн зохицуулах хороо хэрэглээнд хүлээн зөвшөөрөөгүй байсан юм. 

Тэгвэл БНХАУ-д хязгаарлалтын дэглэмийг сулруулсантай холбогдуулан вирусний халдварын тархалт хяналтаас гарахад ойрхон байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Анагаах ухааны салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд 1.4 тэрбум хүн амтай тус улсад ирэх 2023 онд “Ковид-19”-ийн халдварын улмаас 1 сая гаруй хүн амиа алдах магадлалтай байгааг онцолжээ.