Кино театрт нээлтээ хийсэн дотоодын кино гадны уран бүтээлээс 2-3 дахин их ашиг олдог
Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино жагсаалтыг 2009 онд нээлтээ хийсэн “Avatar” уран сайхны кино тэргүүлдэг байна. Аватар киноны хоёрдугаар анги манай улсад нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо гэхэд л 100 гаруй мянган тасалбар борлуулагджээ. Энэ нь их тоо мэт боловч манай дотоодын кино үүнээс 3 дахин их ашиг орлого олдог гэж зах зээлийн мэргэжилтэн хэлж байна.

Холливүүдийн алдарт найруулагч Жэймс Камероны бүтээл Аватар кино нь 2009 онд дэлхийн кино зах зээлээс хоёр тэрбум 900 гаруй сая ам.долларын орлого олж байжээ. Харин Аватар киноны хоёрдугаар анги 350-460 сая ам.доллараар бүтсэн бол 12-р сарын 16-нд нээлтээ хийснээсээ хойш өнөөдрийн байдлаар 955 сая ам.долларын орлого олсон байна. Тэгвэл Монгол улсад нээлтээ хийсэн эхний 10 хоногт 100 мянга гаруй тасалбар борлуулагджээ.

Харин дотоодын уран бүтээл нээлтийн хийсэн эхний долоо хоногтоо үүнээс 2-3 дахин их тасалбар борлуулагддаг байна. Гэвч дотоодын кино уран бүтээлчид уран бүтээлээ үзэгчдэд хүргэх цаг хугацаа, маркетинг төлөвлөлт зэрэг нь хангалтгүй байдаг байна.

Иймээс кино продакшн, уран бүтээлчдийн нэгдсэн систем, уялдаа чухал гэдгийг кино судлаач хэлж байна. Олон улсын продакшнууд гэхэд 4-5 жилийн төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаг байна. 

Тэгвэл манай улсад Кино урлагийн тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Хуулийн дагуу Кино урлагийн зөвлөл театруудтай хамтран долоо хоног бүрийн кино түгээлтийн статистик мэдээллийг үзэгчдэд нэгтгэн хүргэдэг болоод байгаа юм. Цаашид IPTV болон орон нутгийн түгээлтийн мэдээллийг ч мөн хүргэнэ гэж мэдээллээд байгаа юм.