Нүүрс олборлогч ААН-үүдэд татварын хяналт шалгалт хийж 1.6 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлсэн

Нүүрсний гэх хулгайн хэргийн шалтгаан, учирсан хохирлыг тогтоохоор Засгийн газар болон Улсын Их Хурлаас хянан шалгах түр хороодыг байгуулсан юм. Хяналт шалгалтын явцад Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн байгуулсан долоон оффтэйк гэрээнээс 187 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна. Харин нүүрсний аж ахуй нэгжийн сүүлийн арван жилийн үйл ажиллагаанд татварын хяналт шалгалтыг явуулж 1.6 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлсэн байна.

Нүүрсний гэх хулгайн хэрэг олон нийтийн анхаарлын төвд орж иргэд 17 хоног Төв талбайд жагссаны эцэст нууцлалын зэрэгтэй оффтэйк гэрээ ил болохын зэрэгцээ УИХ-ын эдийн засгийн байнгын хороонд Ерөнхий Хяналтын нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Тэгвэл Засгийн газраас нүүрсний салбарт хяналт шалгалтыг хийж дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна.

  • Монгол улсын тухайд 1995 оноос энэ оны 11-р сар хүртэл нийтдээ 336.4 тонн нүүрсийг экспортолсон. Эдгээрийн 86 сая тонн-ыг “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани дангаараа экспортолсон байна. 
  • Тэгвэл нүүрс экспортын үйл ажиллагаа эхэлснээс хойш аан-үүд нийтдээ 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон. Нийт орлогын 95 хувийг сүүлийн арван жилийн хугацаанд олсон байна.
  • Сүүлийн арван жилийн хугацаанд нүүрсний 177 ААН-д 239 удаагийн хяналт шалгалт явуулсан. Арван жилийн хугацаанд нийт 10 их наяд төгрөгийн татварыг төвлөрүүлсэн байна.
  • 239 удаагийн татварын шалгалтаар нүүрсний үйл ажиллагаа явуулдаг ААН-ээс 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж 295 тэрбум төгрөгийн акт тавьсан
  • Харин нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг 267 аан-д хяналт шалгалт явуулснаас 1.1 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж 80 тэрбум төгрөгийн акт тавьжээ
  • Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан төмөр замын оффтэйк гэрээнээс нийтдээ 187.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.