Өнгөрөгч пүрэв гарагт Европын Холбооны гишүүн улсуудын Эрүүл Мэндийн сайд нар БНХАУ-аас очиж байгаа зорчигчдоос “Ковид-19”-ийн халдварын шинжилгээний сөрөг хариу шаардах эсэх асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй байна. АНУ, Япон, Итали зэрэг улсууд Хятадаас очих зорчигчдоос 48 цагийн хугацаанд заавал вирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан байхыг шаардаж, хязгаарлалт тогтоогоод байгаа юм.
Хятад улс цар тахлын улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд хилээ хаагаад байсан ч ирэх оны 1-р сарын 8-ны өдрөөс эхлэн эргэн нээхээр болоод байна. Бээжингийн эрх баригчид “Тэг Ковид” бодлогоо цуцалсантай холбогдуулан Хятад улсад вирусийн халдварын тархалт эрс нэмэгдээд байна.
Италийн Эрүүл Мэндийн яам өнгөрсөн лхагва гарагт Хятадаас тус улсад очиж байгаа зорчигчдоос шинжилгээний сөрөг хариу шаардахаа мэдэгдсэн анхны Европын Холбооны улс болсон юм. Харин Их Британи, Франц улсуудын Эрүүл Мэндийн яамны тэргүүнүүд уг шаардлагад нэгдэхгүй гэдгээ цохон тэмдэглэжээ. Мөн ЕХ-ны удирдлагууд энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, ойрын өдрүүдэд нэгдсэн байр суурьт хүрэхээ мэдэгдсэн юм.
Ану-ын эрдэмтэн, судлаачид Хятад улсад тархсан вирусний халдварын мутаци халдварлах чадвар өндөр байгааг онцлоод шинжлэх ухаанч талаас авч хэлэлцэхийг Бээжингийн эрх баригчдад уриалжээ. Хятадын эх газраас зорчигчдод тавих хяналтыг чангатгах арга хэмжээг Япон, Малайз, Тайвань, Энэтхэг улсууд авч хэрэгжүүлээд байна.
Тэгвэл БНХАУ-ын эрх баригчид ирэх сарын 8-ны өдрөөс эхлэн хилээ бүрэн нээж байгаа төдийгүй гадаадын жуулчид, зорчигчдыг хязгаарлагдах шаардлагагүй болсныг мягмар гарагт мэдэгдсэн юм. Харин Хятад улсыг зорьж байгаа гадаадын улсын иргэд сүүлийн 48 цагийн хугацаанд “PCR” шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд сөрөг хариуг батлах баримт бичиг биедээ авч явахыг үүрэгджээ.