Шинэ жилийн баярт зарцуулагдах зардал иргэдэд ихээхэн дарамт учруулдаг. Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өрхийн төсөв нэмэгдсэн. Гэсэн хэдий ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор шинэ жилийн баярт өрхийн төсвөөс ойролцоогоор 400.000-500.000 төгрөг зарцуулагдаж байна.
Цар тахлын өмнө буюу 2019 онд нэг өрхийн сарын дундаж орлого 1 сая 390 мянган төгрөг байсан бол 2022 оны 3-р улирлын байдлаар 1 сая 814 мянга болж 424.000 төгрөгөөр өссөн байна. Өрхийн орлого тодорхой хэмжээнд нэмэгдсэн хэдий ч баярын ширээний гол хүнс болох бялуу, оргилуун дарс, жимс, үндсэн хоол болон дагалдах салат зуушны төрлийн орц найрлагын үнэ ойролцоогоор 20-50 хувь хүртэл өсжээ. Эдгээр бүтээгдэхүүн болон орц найрлагад орох голлох бүтээгдэхүүний үнийг 2019 онтой харьцуулбал:
Баярын бялуу 15.000 төгрөгөөс дээш үнээр худалдаалагдаж байсан бол 2022 онд 25.000-145.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Мөн баярын ширээний голлох бүтээгдэхүүн болох оргилуун дарс 2019 онд 7000 төгрөгөөс дээш үнэтэй байсан бол энэ онд хамгийн багадаа 20.000 төгрөгөөс дээш үнэтэй байгаа юм. Мөн жимс тэр дундаа алим нэг килограммын дундаж үнэ 50 гаруй хувиар өссөн байна. Үүнээс гадна баярын зуушны орц найрлагад голлон ордог төмс, сонгино, өндөг, хиамны үнэ тодорхой хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иргэд ихэвчлэн нэг доороос баярыг ширээний хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулдаг. Тэгвэл Улаанбаатарын хотын 12 зах болон супермаркетуудад худалдаалж буй баярын ширээний хүнсний үнийг ерөнхийлөн харьцуулж харвал Хүчит Шонхор, Хар Хорин захад хамгийн хямдаар худалдаалж байгаа бол их наяд захад хамгийн үнэтэй байна. Харин супермаркетын хувьд Сансарт хамгийн хямдаар худалдаалж байгаа бол И-Март супермаркетад хамгийн үнэтэй байгаа юм.
Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар иргэдийн дундаж цалин 1.5 сая төгрөгт хүрсэн гэжээ. Гэвч иргэдийн татвар, шимтгэлээ төлөөд гар дээрээ авч байгаа цалин нь нэг сая хүрэхгүй байгаа юм. Гар дээр ирсэн цалингийн үлдэгдлээс зээлээ төлөх, ахуйн хэрэглээгээ хангах зэрэгт зарцуулаад багахан мөнгө үлддэг тул түүндээ тааруулан шинэ жилийн баяраа тэмдэглэхээр төлөвлөж байгаа талаараа иргэд ярьж байна.