Deloitte компаниас гаргасан “Урлаг ба Санхүү” олон улсын тайланд дурдсанаар дэлхийн урлагийн зах зээлийг Хойд Америк, Европ, Азийн орнууд эзэлж байна. Ази дундаа Хятад улс архитектур, кино театр, ваарын урлалаар тэргүүлж байгаа бол БНСУ хамтлаг дуучид, кино урлаг, телевизийн салбараараа тэргүүлж байна.
BFM телевизийн 2021 оны судалгаагаар Хятад улс кино тасалбар борлуулалтаас 7,3 тэрбум доллар олжээ. 2021 онд 697 шинэ кино үйлдвэрлэсэн бөгөөд одоо тус улсад 82 мянган кино театр үйл ажиллагаа явуулдаг байна.
Харин 2000 он гэхэд Өмнөд Солонгосын соёлын экспортын орлого 500 сая ам.доллар байсан бол 14 жилийн дараа 11.6 тэрбум ам.доллар болсон байна.
Дээрх жишээнүүдээс харахад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг улсаас бодлогоор дэмжих нь эдийн засагт томоохон үр нөлөөтэйг харж болохоор байгаа юм. Олон улсын судалгаагаар ойрын хугацаанд дэлхийн ДНБ-ий 10 хувийг соёлын бүтээлч үйлдвэрлэл эзэлнэ гэж үзжээ. 2020 оны байдлаар кино урлагийн салбар 234 тэрбум ам.доллар, дижитал тоглоом хөгжүүлэлт 173 тэрбум ам.долларын зах зээл бүрдүүлжээ. Тэгвэл энэ зах зээл 5 жилийн дотор 2 дахин өсөх хандлагатай байна.
Харин Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар соёлын бүтээлч үйлдвэрлэл ДНБ-ний 1.4 хувь буюу 481.4 тэрбум төгрөгийн зах зээлд 33 мянган ажлын байрыг бий болгоод байгаа юм байна. Тэгвэл салбарын төлөөлөл Монгол улсад соёлын бүтээлч үйлдвэрлэл эдийн засгийн ашиг олох боломжтой гэж үзэж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь үндэсний брэнд, аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон хөшүүрэг гэдгийг онцолж байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгаа тэлэхийн тулд төрийн зөв бодлого болон салбар дундын уялдаа холбоо чухал гэдгийг холбогдох албаныхан онцолж байна.