Өнгөрсөн ням гарагт БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын эрх баригчид хорио цээрийн дэглэмээ сулруулсантай холбогдуулан тус улсаас ирэх зорчигчдоос “Ковид-19”-ийн халдварын сөрөг хариу шаардана гэдгээ албан ёсоор зарлажээ. Түүнчлэн Сөүлийн эрх баригчид Хятад улсын иргэдэд олгож байсан түр хугацааны аяллын визийг олгохоо тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаа талаараа мэдээлжээ.
Үүнээс гадна Хятад-Өмнөд Солонгос улсуудын хооронд хийгдэж байгаа нислэгийн тоог үлэмж хэмжээгээр бууруулна гэдгээ Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Ийнхүү Өмнөд Солонгосын эрх баригчид АНУ, Япон, Австрали улсуудтай нэгдэж, Хятад улсаас ирэх зорчигчдод хязгаарлалт тогтоохоор болсон байна.
Бээжингийн эрх баригчид иргэдийнхээ зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтаа энэ сарын 8-ны өдрөөс эхлэн цуцлахаар болсон нь хөрш улсууд болон Хятад улсын иргэдийн ихээр зорчдог улс орнууд цар тахлын журмаа эргэн харахад хүргээд байна. Шинэ журмын дагуу Хятадаас ирж байгаа БНСУ-ын болон бусад орны иргэд нисэхээс 48 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг хариу, эсвэл нисэхээс 24 цагийн дотор хийлгэсэн түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Мөн тус шинжилгээний хариуг нислэгт бүртгүүлэх үедээ болон Өмнөд Солонгост ирсэн хойноо нисэх буудал дээр шалгуулах ёстой юм байна.
Гадаадын иргэд Өмнөд Солонгост ирсэн хойноо дахин нэг шинжилгээ өгч, сөрөг хариу гарах хүртэл нисэх буудалд тусгаарлагдах юм. Харин БНСУ-ын иргэд ирснээсээ хойш 24 цагийн дотор PCR шинжилгээ өгч, шинжилгээний хариу сөрөг гарах хүртэл оршин байх хаяг дээрээ өөрийгөө тусгаарлана. Түүнчлэн уг журам хэдий хүртэл үргэлжлэх талаар Өмнөд Солонгосын эрүүл мэндийн байгууллага болон эрх баригчид тодорхой тайлбар өгөхөөс татгалзжээ.
Үүнээс гадна гуравдагч улсаас Хятадаар дамжин БНСУ-ыг зорьж буй иргэдийг зөвхөн Инчон нисэх онгоцны буудалд хүлээн авах бөгөөд “PCR” шинжилгээний хариу сөрөг гарсны дараа зорчих хөдөлгөөнийг нь зөвшөөрнө гэж мэдэгджээ.