В.Путин: Ши Жиньпин ирэх хавар ОХУ-д төрийн айлчлал хийнэ гэж найдаж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Москва хотноо 2023 оны хавар төрийн айлчлал хийнэ гэдэгт найдаж байгаагаа өнгөрсөн сарын 30-ны  өдөр түүнтэй цахимаар уулзах үеэрээ илэрхийлжээ. Тэрбээр Ши Жиньпиний айлчлал “Орос-Хятадын ойр дотно, нягт харилцааг дэлхий дахинд харуулах болно” гэж мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ.

Владимир Путин ойролцоогоор 8 минут үргэлжилсэн илтгэл тавьсан байна. Тэрбээр илтгэлдээ тус хоёр орны гадаад харилцаа нь олон улсын нөхцөл байдлыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн байна.

Үүний хариуд Ши Жиньпин, Хятад улс дэлхийн хэмжээнд “Хүнд хэцүү” нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан ОХУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгааг цохон тэмдэглэжээ.

Тэрбээр мөн Өрнөдийн улс орнууд ОХУ-ын эсрэг урьд өмнө байгаагүй эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа бол Хятад улс Москвагийн цэргийн ажиллагааг шууд зэмлэн буруутгаагүй ч энх тайван байдлыг тогтоох хэрэгтэй гэдгийг мэдэгдэлдээ онцолсон байна.

Мөргөлдөөн эхэлснээс хойш Орос улсаас Хятад улс руу хийх эрчим хүчний экспорт нэмэгдэж, өдгөө ОХУ нь Хятадын хамгийн том газрын тосны нийлүүлэгч болсон байна. Гэхдээ Бээжингийн засаг захиргаа Барууны орнуудыг Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахад хүргэж болохуйц тусламж үзүүлэхээс зайлсхийж байгааг шинжээчид онцолж байна.