Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаагийн нэг шалтгааныг худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж байгаатай холбоотой гэж иргэд хэлж байна. Тэгвэл энэхүү үйлдэл нь өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа явдал юм. Худалдаа үйлчилгээний байгууллага нь бараа бүтээгдэхүүний үнийг иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээлэх үүрэгтэй. Харин бараа бүтээгдэхүүний үнийг үнэн зөвөөр байршуулаагүй тохиолдолд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай.
Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн цалингийн доод хэмжээг 550.000 төгрөг болсон. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Тэгвэл худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгааныг татвар нэмэгдсэнтэй холбогдуулан тайлбарлаж байгаа бол иргэдийн зүгээс худалдаа эрхлэгчдийг дур мэдэн үнээ нэмж байгаа талаар хэлж байна.
Хэрэв үйлчилгээний байгууллага бараа бүтээгдэхүүний үнийн дүнг иргэдэд ойлгомжтой байдлаар байршуулаагүй, лангууны болон кассын үнэ зөрүүтэй зэрэг зөрчлүүд гаргавал өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэн 5-20 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байна.
Өрсөлдөөний хуулиар тухайн үйлчилгээний байгууллага нь бараа бүтээгдэхүүнийг хэчнээн хувиар нэмэгдүүлэх нь байгууллагын эрхийн хүрээнд шийдэгддэг тул ямар нэгэн хуулийн зохицуулалт байдаггүй байна. Зах зээлийн зарчмаар өрсөлдөөн, нийлүүлэлт зэргээс шалтгаалж үнэ буурах нөхцөл бүрдэх боломжтой гэдгийг албаныхан мэдээлж байна.