2013-2020 оны хооронд 8 хувийн хүүтэй ипотекийн зээл авсан иргэдийн зээлийн хүүг 6 хувь руу шилжүүлэх боломжтой

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон зээлийн хүүг бууруулах боломжтой гэж Ипотекийн зээлийн хөтөлбөр, хяналт шалгалт явуулах ажлын хэсгийн зүгээс мэдэгдсэн байна. Тэгвэл 2020 он хүртэл 8 хувийн хүүтэй төлөлт хэвийн үргэлжилж байсан ипотекийн зээлийн хүүг эдийн засгийн хүндрэлтэй энэ үед, Засгийн газрын оролцоотойгоор бууруулж байгаа нь цагаа олоогүй шийдвэр гэж зарим эдийн засагч үзэж байна.

---Зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг нэг жилийн 8 хувийн хүүтэй олгосон байна. Харин 2020 оноос эхлэн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулснаар ипотекийн зээл авсан иргэний тоо өссөн байна.

---Тэгвэл 2013-2020 оны хооронд 8 хувьтайгаар ипотекийн зээл авсан иргэдийн зээлийн хүүг 6 хувь руу шилжүүлэх, мөн шинээр зээл авах иргэдэд урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгоn бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. 

---Үүнд нийтдээ 500 орчим тэрбум төгрөг шаардлагатай болно гэж тооцож байгаа бөгөөд зөрүү санхүүжилтийг төсөвт дарамт учруулахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж холбогдох албаны зүгээс мэдээлж байна.

Урьдчилгаа төлбөр болон зээлийн хүүг бууруулах шийдвэр дэмжигдвэл 8 хувийн хүүтэй ипотекийн зээл төлдөг иргэдэд очих дарамтыг багасгах ч орон сууцны үнийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн ипотекийн зээл нь төсвийн шинжтэй хөтөлбөр тул Монголбанк тус хөтөлбөрийг явуулах нь зохимжгүй гэж үзэж байсан. Тэгвэл Засгийн газарт ипотекийн хөтөлбөр шилжсэнээр Барилга, хот байгуулалтын яаманд агентлаг байгуулах төлөвлөгөөтэй байна.