БНХАУ-д “Ковид-19-ийн халдвартай холбоотой хязгаарлалтын дэглэм суларсантай холбоотойгоор вирусний халдварын дэгдэлт үлэмж хэмжээгээр нэмэгдээд байгаа талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Бээжингийн эрх баригчид иргэдийнхээ хил дамнан зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтаа энэ сарын 8-ны өдрөөс эхлэн цуцлахаар болсон юм.
Уг шийдвэр нь хөрш улсууд болон Хятад улсын иргэдийн ихээр зорчдог улс орнуудын эрх баригчдыг цар тахлын журмаа өөрчлөхөд хүргээд байна. Одоогийн байдлаар 10 гаруй улс орны Эрүүл мэндийн байгууллага Хятад улсаас очиж байгаа зорчигчдод хязгаарлалт тогтоохоор болсноо зарлаад байна. Тухайлбал, АНУ, Их Британи улсууд Хятадаас очиж байгаа зорчигчдыг бүс нутагт нь газардсаны дараа албадан шинжилгээнд хамруулна гэдгээ мэдэгдсэн байна. Мөн зорчигчид нислэг эхлэхээс 48 цагийн өмнө “Ковид-19”-ийн халдварын “PCR” шинжилгээнд эсвэл 24 цагийн өмнө түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан байх ёстой тухай журмыг 1-р сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон байна. Уг журам нь Хятадаар дамжин өнгөрөх нислэг хийсэн зорчигчдод хүртэл хамааралтай гэдгийг холбогдох албанаас онцлон мэдээллээ.
Мөн Япон, Итали улсуудын Эрүүл мэндийн байгууллагаас Хятад улсаас очих зорчигчид хамгийн багадаа “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан байх ёстойг анхааруулсан төдийгүй нислэг эхлэхээс 48 цагийн өмнө “PCR” шинжилгээнд хамрагдсан байхыг шаардаж байна.
Хятад улсын эрх баригчид “Ковид-19”-ийн халдвартай холбоотой дотоодын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ДЭМБ-т өгөхгүй байгаа тул улс орнууд тус улсын иргэдэд хязгаарлалт тогтоохоос өөр аргагүйд хүрээд байгааг австралийн Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.
Мягмар гарагт Марокко улсын эрх баригчид Хятад улсаас очих гэж байгаа зорчигчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд уг хязгаарлалтын дэглэм нь хэдий хүртэл үргэлжлэх эсэх дээр тайлбар өгөхөөс татгалзсан байна.