Томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлж хүүхдийн дархлааг сайтар дэмжих шаардлагатай

Томуу, томуу төст өвчний оргил үеийг энэ сарын дундуур тохиохоор байна гэдгийг ЭМЯ болон ХӨСҮТ-өөс мэдээллээ. Дүүргийн эмнэлгүүдэд өдөрт дунджаар бага насны 300 орчим хүүхэд үйлчлүүлж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлж дархлааг нь сайтар дэмжих шаардлагатайг мэргэжилтнүүд анхаарууллаа .

Нийслэлийн Хан-Уул дүүргийн эмнэлэгт 11-р сарын сүүлээс эхлэн томуу,томуу төст өвчлөл нэмэгдэж ачаалал нь огцом ихэссэн байна. Тус эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх 80 ортой ч ачааллаас шалтгаалж 70 орчим ор нэмэлтээр байршуулжээ.

2022 онд эмнэлгийн ачааллын оргил үе 5-6-р сарыг хүртэл үргэлжилсэн байна. Энэ онд ч мөн адил нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг тус эмнэлгийн төлөөлөл хэллээ. Өрхийн нэг гишүүн томуугаар өвчлөхөд ахуйн орчин дахь 3-4 хүнд халдвар тараах эрсдэлтэй байдаг. Тиймээс томуугийн өвчлөлийн оргил үед  иргэд гэрийн орчинд дархлаагаа дэмжиж, халдвараас сэргийлэх шаардлагатай.

Салбар яамнаас томуугийн улиралтай холбогдуулан иргэдийг эмнэлгүүдээр харьяалал харгалзахгүй үйлчлүүлэхээр зохицуулалт хийсэн. Тухайлбал иргэн Баянзүрх дүүрэгт оршин суудаг байсан ч шаардлагатай тохиолдолд яамны харьяа зургаан эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой. Мөн өрхийн эмч нарыг дүүргийн эмнэлгүүдэд оройн цагаар нэмэлтээр ажиллуулах, эмнэлгүүд амралтын өдрүүдээр ажиллах, ХӨСҮТ дээр нэмэлтээр ор дэлгэх зэрэг арга хэмжээг авсан байна.

Энэ онд А болон Б хүрээний 3 төрлийн вирусний өвчлөл зонхилж байгааг ЭМЯ-аас мэдээлсэн. Энэ төрлийн вирус нь өндөр халуурах шинж тэмдгээр илэрдэг байна.