Иргэн: Агаарын бохирдлоос шалтгаалж ханиад томуугийн өвчлөл 2-3 сарын хугацаанд үргэлжилж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр нэг метр куб эзлэхүүнтэй агаарт 24 цагт нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ 25 микрограмм метр куб байхыг ”Стандарт хүлцэх хэмжээ” гэж үздэг. Монгол улсын стандартад нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээг 24 цагт 50 микрограмм, метр куб байвал хэвийн гэж үзэж байна.  Тэгвэл нийслэлийн зарим байршилд зөвшөөрөгдсөн стандарт хэмжээнээс 10 дахин их агаарын бохирдолтой буюу 500 микрограмм байна. Их хэмжээний агаарын бохирдолтой орчинд иргэд ханиад томуугаар өвчлөхөд хамгийн багадаа 2-3 сарын дараа эдгэж байна.

Агаарын бохирдол ихтэй орчинд хүн удаан хугацаанд байснаар эрүүл мэндэд нь сөрөг нөлөө илэрч, архаг хууч өвчин сэдрэх өндөр эрсдэлтэй байдаг. Түүнчлэн томуу,томуу төст өвчнөөр өвчлөх нь ихэсдэг байна. Тэгвэл Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын тухайд агаарын бохирдол нил ягаан түвшин буюу маш их бохирдолтой байна. Тиймээс  иргэдийн ханиад, томуугийн эдгэрэлтийн явц удааширч хамгийн багадаа 2-3 сар үргэлжилж байгаа талаар хэлж байна.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн хүлээн авах тасагт ажлын өдөр дунджаар 150-200 орчим иргэн үйлчлүүлдэг бол амралтын өдрүүдэд 150-300 орчим иргэн үйлчлүүлдэг байна. Агаарын бохирдлоос шалтгаалж томуугийн өвчлөл хурдан хугацаанд  уушгины хатгалгаа болж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. 

Агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөлийг удаан хугацаанд эмчлэхгүй явснаар уушгины дээд, доод замд хүндрэл өгөх , цаашлаад амиа алдахад ч хүрч болзошгүй байгаа юм. Харин холбогдох байгууллагуудын судалгаагаар сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэл хотын агаарын бохирдол 2016 оны мөн үетэй харьцуулахад 40-50 орчим хувиар буурсан гэх судалгааг гаргасан. Тэгвэл иргэдийн зүгээс энэ жил агаарын бохирдол өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй их байгааг онцолж байсан юм.