Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд тулалдаж байгаа цэргүүдийнхээ баатарлаг үйлсийг тусгасан баримтат кино бүтээхийг Засгийн газартаа үүрэгдсэн байна. ОХУ-ын зэвсэгт хүчний эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш хэдийн 10 сарын хугацаа өнгөрсөн байна.
Тэгвэл Оросын төрийн өмчит хэвлэл мэдээллийн байгууллагууд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсний нэг жилийн ойтой давхцуулан тус кино бүтээлийг үзвэр үйлчилгээний газруудаар үзүүлж эхлэх талаар мэдээллээ.
Мөн Орос цэргүүдийн "Баатарлаг үйлс" болон "Неонацист" үзэл суртлын эсрэг тэмцлийг харуулсан баримтат киног бүтээх зардлыг Засгийн газар бүрэн хариуцна гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд Украинд тулалдаж байгаа цэргүүдийг баатрууд хэмээн магтан алдаршуулсан суртал ухуулгыг ихээр явуулах болжээ. ОХУ-д хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг хааснаас үүдэн хэдэн зуун чөлөөт сэтгүүлчид эх орноо орхин гарсан байна.
Мөн тус улсын эрх баригчид Украины дайныг шүүмжилсэн, тэр дундаа үүнийг дайн, эзлэн түрэмгийлэл гэж нэрлэж байгаа хүмүүст хатуу шийтгэл оноох хуулийг баталсан юм.