ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт шинэ үеийн хэт авианы далавчит пуужингаар зэвсэглэсэн тэнгисийн хөлгийг Атлантын далай руу илгээх шийдвэр гаргасан байна. Уг хөлөг нь далай болон хуурай газар дахь дайсны байршилд оновчтой, хүчтэй цохилт өгөх чадвартай гэж тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.
Владимир Путин Хятад, АНУ-ын дуунаас хурдан зэвсгээс тав дахин илүү хүчин чадалтай, маневарлах чадвар өндөр хэт авианы далавчит пуужин бүтээх чиглэлд 2010 оноос хойш идэвхтэй ажиллаж байгаа юм. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, "Флотын адмирал Горшков" хэмээн нэрийдсэн хэт авианы “Циркон” хэмээх пуужингаар зэвсэглэсэн тэнгисийн хөлгийг Атлантын далай руу илгээснээ видео холбоосоор Путинд мэдээлжээ.
Хариуд нь Владимир Путин “Эх орныхоо төлөө үүрэг даалгавраа амжилттай биелүүлээд ирэхийг хөлгийн багийнхнаас хүсэж байна” хэмээн мэдэгджээ. Дээрх хөлөг онгоц Газар дундын тэнгис, Атлантын далай, Энэтхэгийн далайд аялах төлөвлөгөөтэй байна.
ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш 10 гаруй сарын хугацаа өнгөрөөд байгаа төдийгүй хоёр талаас хэдэн зуун мянган цэрэг амь үрэгдэж, ширүүн тулалдаан үргэлжилж байгаа ч дайны төгсгөл харагдахгүй байгааг шинжээчид анхааруулж байна.