Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг гурван жилийн дараа нээлээ. Монгол улсын иргэд Хятад улс руу зорчихдоо 48 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Мөн халуурах шинж тэмдэг илэрсэн бол хилээр нэвтрүүлэхгүй. Үүнээс гадна БНХАУ-ын гаалийн цахим сайт руу гар утсаараа эсвэл цаасан хэлбэрээр Англи болон Хятад хэл дээр бөглөж, урьдчилан мэдүүлсэн байна.
Харин Хятад улсаас манай улс руу зорчих иргэд болон тус улсад зорчин ирж буй Монгол иргэдийн хувьд хилээр орж ирэхдээ эрүүл мэндийн асуумжийг бөглөх шаардлагатай. Хэрэв Хятадаас сэжигтэй шинж тэмдэгтэй хүн ирвэл тусгаарлахгүйгээр нарийвчилсан шинжилгээ хийнэ гэж мэдээллээ.
БНХАУ-д энэ сарын 21-нд Хятадын цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан халдварын тархалт нэмэгдэж эхэлсэн байна. Эрээн боомтыг нээснээр Омикроны болон мутацит хувилбаруудын давлагаа манай улсад орж ирвэл ЭМЯ, УОК тухайн цаг үед тодорхой арга хэмжээг авна гэдгээ мэдээллээ.
Эхний ээлжид хоногтоо 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлнэ. Энэ тоог цаашид 500-1000-д хүргэнэ. Эрээн хотод сүүлийн гурван жил иргэд зорчоогүй учраас гадаадын улсын иргэдийг хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаагүй хэдий ч Монгол иргэдийг хүлээж авах 22 зочид буудлын нэр, үнийн саналыг ирүүлсэн байна. Мөн 1-р сарын 8-ны өдрөөс 8 хүнээс доош суудалтай, 20 автомашиныг хилээр нэвтрүүлнэ. Харин ачаа тээврийн хувьд Монголын талаас өдөрт тэвштэй болон тавцант чиргүүлтэй 100 тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ цаашид тоог нэмэгдүүлнэ гэдгийг албаныхан мэдээллээ.