АНУ-ын хүнс, эмийн чанарын хяналтын газраас тус улсын 12-18 насны жингийн илүүдэлтэй 14 сая хүүхдийн эрүүл мэндийн ноцтой асуудлыг шийдвэрлэхийн тулд тэдэнд тураах эм олгохыг зөвшөөрсөн байна. Тус улсын хүүхдийн анагаах ухааны академи ирэх сараас эхлэн хүүхдийн жин хасах зорилгоор анх удаа тураах эмийг эмчилгээнд хэрэглэж эхлэхээр болсноо Ройтерс агентлагт мэдээлсэн байна.
Эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах хүчин чармайлтаас үл хамааран, АНУ-ын насанд хүрэгчдийн дунд хэт таргалалтын түвшин өссөөр байгааг эрдэмтэд мэдээлжээ. Тус улсад хэт таргалалтын түвшин 1984 оноос хойш тогтмол нэмэгдсэн байна. Таргалалтаас урьдчилан сэргийлэх кампанит ажил үр дүнгээ өгсөн тохиолдол огт байдаггүй бөгөөд дэлхий дахинд зөвхөн жин хасах эмчилгээ дасгал сургуулилалтад анхаарлаа хандуулсаар ирснийг эрдэмтэд мэдээлжээ.
ДЭМБ-аас мэдээлснээр 1975 оноос хойш дэлхий дахинд хэт таргалалттай насанд хүрэгчдийн тоо гурав дахин өссөн байна. Харин сүүлийн үеийн мэдээллээр дэлхий дахинд 5-19 насны хүүхдийн 340 сая нь хэт таргалалттай үүнээс 41 сая нь таваас доош насныхан байгааг онцолжээ.
Эрдэмтэн судлаачид илүү их алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийхээс гадна эрүүл хоол хүнс хэрэглэх нь жингээ барихад чухал үүрэг гүйцэтгэхийг сануулж байна.