Бельги улсад байгаль орчныг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагууд хүний үсийг цуглуулж дахин боловсруулах төслийг хэрэгжүүлж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлж байна. Идэвхтнүүд хүний үсийг цуглуулан дахин боловсруулж, нийлэг материалтай уут, торыг үйлдвэрлэж эхэлжээ.
Бельги улс даяар үсчид хүний үсийг дахин боловсруулах төсөлд нэгдсэн бөгөөд үйлчлүүлэгчдийн үсийг цуглуулан дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж байна. Тус улсын байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагын идэвхтнүүд дахин боловсруулах үйлдвэрүүдэд ажиллаж байгаа төдийгүй тос болон нүүрс устөрөгчийг шингээх чадвартай био-нийлмэл уут, торыг үйлдвэрлэж байна. Төслийн удирдагчийн мэдээлснээр 1 килограмм үс нь 7-8 литр тосыг шингээж авах чадвартай байна. Үүнийг ус зайлуулах хоолой болон бохирын шугамд байрлуулснаар агаарт аливаа төрлийн нян, бактери дэгдэхээс сэргийлэх болон гол, ус, тэр дундаа байгаль орчин бохирдохоос хамгаалах юм байна. Түүнчлэн автомашин засварын газруудад хаягдал тос шингээх зорилгоор ашиглаж болохоос гадна хоол, үйлдвэрлэгчид бохирдсон тосоо үсээр бүтээсэн уутанд шингээн хаях боломжтойг мэдээлжээ.
Үүнээс гадна үсчид өмнө нь хаягдал гэж үзэж байсан зүйлээ хямд өртгөөр ч гэсэн худалдан борлуулж орлогоо нэмэгдүүлэх боломжтой болжээ.