СХД-ийн 10-р хороонд сүүлийн 2 сарын хугацаанд хог ачилт, тээвэрлэлт хийгдээгүй байна. Улмаар гудамж талбай болон айл өрхүүдийн хашаа хогоор дүүрч орчны бохирдол ихэсчээ. Тэгвэл удаан хугацаанд хог ачилт, тээвэрлэлт хийгдээгүй шалтгааныг тус дүүргийн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний компанийн зүгээс хүний нөөцтэй холбон тайлбарлаж байна.
СХД-т 94 мянга орчим айл өрх 2500 аж ахуй нэгж байгууллага байдаг. Тус дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт хоёр сарын хугацаанд хог ачилт, тээвэрлэлт хийгдээгүй гэж иргэд хэлж байгаа юм. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын наймны өдрөөс эхлэн хог ачилт, тээвэрлэлтийн ажил хийгдэж одоог хүртэл үргэлжилж байна. Айл өрхүүдийн хог удаан хугацаанд хуримтлагдсанаас үүдэн нэг хогийн машин дунджаар 10 орчим айлын хогийг ачаад дүүрч байна.
СХД-ийн тохижилт үйлчилгээний компанид 95 ачигч, 45 жолооч ажиллахаас одоогийн байдлаар ердөө 31 жолооч, 58 ачигч хог ачилт тээвэрлэлтийг хариуцан ажиллаж байна. Тиймээс хүний нөөцийн дутагдлаас шалтгаалж зун, өвлийн улиралд хог,ачилт тээвэрлэлтийн ажил саатсан байна.
Нэг өрхөөс хог ачилт, тээвэрлэлтийн хураамж 2500 төгрөгийг хураан авдаг байсан юм. Энэ мөнгө нь тохижилт үйлчилгээний компанийн үйл ажиллагааны зардалд хүрэлцдэггүй. Тиймээс иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр энэ оны нэгдүгээр сараас эхлэн 8000 төгрөг болон нэмэгдүүлжээ.