Сурах бичиг, ном товхимол, хууль журам, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр цацагдаж буй аливаа мэдээлэлд үг үсгийн алдаа их байдаг нь хүмүүсийн нүдэнд дасал болж улмаар даган дуурайж алдаатай бичих нэг шалтгаан болдог байна. Мөн олон нийтийн дунд кирилл үсгийн дүрэмд байнга өөрчлөлт ордог гэсэн ойлголт түгээмэл байна.
Манай улсын хувьд түүхэндээ 10 гаруй бичиг, үсэг хэрэглэж ирсэн байна. Монгол, дөрвөлжин, али гали, тод, соёмбо, вагиндра зэрэг бичиг үсгийг хэрэглэж ирсэн бөгөөд 1946 оноос хойш латин, кирилл үсгийг хэрэглэж байгаа юм. Ийнхүү Монгол улс кирилл үсэг авч хэрэглэх шийдвэр гарснаас хойш 80 гаруй жил өнгөрсөн байна. Тэгвэл 1983 онд академич Дамдинсүрэн болон Осор нарын хамтын бүтээл болох Монгол үгсийн дүрмийн толийг өнөөг хүртэл баримтлан хэрэглэж байна.
Иргэдийн зүгээс өмнө нь бичдэг байсан Монгол хэлний дүрмийг өөрчилсөн үүнээс шалтгаалж бага ангийн хүүхдэд хичээл заах, албан бичиг хөтлөх зэрэгт ихээхэн хүндрэл үүсгэдэг талаар хэлж байна.
УИХ-аас 2007-2017 онд баталсан 220 орчим хуулийн үгсийн санд судалгаа хийхэд зөв бичих дүрмийн алдаатай 481 үг байсан байна. Энэ мэт Монгол улсын хууль болон бага ангийн сурах бичиг нь зөв бичих дүрмийн алдаатай байгаа нь иргэдийн төөрөгдөх нэг шалтгаан болж байна.