Музейн боловсролыг СӨБ, ЕБС-ийн хөтөлбөртэй уялдуулна

 

Музей нь түүхэн олдворын үзмэр танилцуулахаас гадна түүх, соёл, шинжлэх ухааны нэгдсэн  цогц байгууламж гэсэн утгаар олон нийтийг соён гэгээрүүлдэг ач холбогдолтой. Энэ ч үүднээс эх орны түүхийг хүүхдүүдэд таниулах, бодит орон зайд боловсрол олгох хөтөлбөрүүд музейд хэрэгждэг. Харин орчин цагт музейн сургалтын хөтөлбөрийг цэцэрлэг болон, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөртэй уялдуулах шаардлага тулгараад байгааг “Чингис хаан” музейн ажилтнууд онцолж байна.

“Чингис хаан” музейн үзэгчдийн 60 орчим хувь нь хүүхдүүд байна

Чингис хаан музей 10-р сард нээлтээ хийснээс хойш 80 мянга гаруй үзэгчдэд үйлчилжээ. Үүний 60 гаруй хувь нь хүүхдүүд байна. Тиймээс хүүхдүүдэд эх орныхоо түүх соёлтой музейгээр дамжуулан танилцах боломжийг нь нэмэгдүүлэхзорилгоор музейн боловсролын ажилтан, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй багш нарыг хамруулсан “Музей-Боловсролын орчин” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт оролцож байгаа багш нарт Чингис хаан музейн үзмэрүүдийг тайлбарлаж үзүүлсэн юм. Ингэснээр багш нар сурагчдад илүү бодит мэдээлэл түгээх, практик боломж нэмэгдэнэ гэж үзжээ.

Боловсролын салбар музейтэй хамтран сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлдэг туршлага бусад оронд түгээмэл хөгжсөн байдаг. Ингэснээр сурагчид  заавал, лекц сонсох бус онолын мэдлэгээ практикаар баталгаажуулах бүрэн боломжтой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд  мэргэжлийн музейн боловсролын ажилтан шаардлагатай байгаа гэдэгт багш, ажилчид санал нийлж байсан юм. Цаашид зөвхөн боловсролын хөтөлбөртэй уялдуулаад зогсохгүй тухайн албан хөтөлбөрийн бататгах хичээлийг музейд явуулах боломжтойг онцолж байна. Ингэснээр музей нь тусгайлан бэлтгэгдсэн сургуулийн лабораторийн үүргийг гүйцэтгэх боломжтой болно.