Бээжингийн эрх баригчид аялал жуулчлалын хязгаарлалтаа цуцалсан үеэс буюу энэ сарын 8-ны өдрөөс хойш Хятадын жуулчид Австрали болон Зүүн-Өмнөд Азийн улсууд руу ихээр зорчиж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Тус улсын иргэдийн ихээр зорчдог улсуудын жагсаалтад Австрали, Индонез, Малайз, Тайланд болон Япон багтдаг байна.
Цар тахлын өмнө буюу 2019 онд Хятадын 150 гаруй сая жуулчин дэлхийн улс орнуудад аялсан байна. 2019 онд Хятад улсын аялагчид хилийн чанадад 254 тэрбум америк доллар зарцуулсан нь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд Дэлхийн аялал жуулчлалын зардлын 20 орчим хувийг эзэлсэн байна гэж НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас мэдээлсэн байна.
Тэгвэл БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Өмнөд Солонгос, Япон улс Хятад улсын иргэдэд хорио цээрийн арга хэмжээ авсан тул тэдгээр улсын иргэдэд Бээжингийн эрх баригчид хариу арга хэмжээ авах буюу зарим төрлийн виз олгохыг тодорхойгүй хугацаагаар зогсоосноо мэдэгдсэн байна.
Сөүл дахь Хятад улсын Элчин Сайдын яамны мэдэгдэлд аялал жуулчлал, бизнес, эмчилгээ, дамжин өнгөрөх, бусад богино хугацааны визийг Өмнөд Солонгос болон Япон улсын иргэдэд олгохоо түр зогсоосноо мягмар гарагт мэдэгджээ. Мөн эдгээр улсууд руу хийж байгаа нислэгийн тоог хязгаарлаж байгааг Хятадын Гадаад Хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч цохон тэмдэглэсэн байна.
Үүнтэй холбогдуулан Япон, БНСУ-ын Гадаад Хэргийн сайд нар Бээжингийн эрх баригчдын гаргасан дээрх шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн шинжлэх ухаанд суурилсан, бодит мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргахыг уриалсан байна. Түүнчлэн Хятад улсын иргэдийг ялгаварлан гадуурхаагүй гэдгээ цохон тэмдэглээд Дипломат шугамаар байр сууриа ойлгуулахаа онцлон мэдэгджээ.