Болсонаруг дэмжигчид Бразилийн Ерөнхийлөгчийн ордон, Конгрессын танхим, Дээд шүүхийг эзлэн авчээ

Өнгөрсөн Ням гарагт Бразил улсын өмнөх Ерөнхийлөгч Жаир Болсонаруг дэмжигчид улсынхаа Конгресс, Ерөнхийлөгчийн ордон, Дээд шүүхийн байр руу дайран орж, эмх замбараагүй байдал үүсгээд байна. Энэ нь одоогоос хоёр жилийн өмнө Д.Трампын дэмжигчид Капитолын байр руу дайран орж эзэлсэн түрэмгий үйлдэлтэй ижил дүр зураглалыг харуулж байгааг өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна.

Үүнтэй холбогдуулан Бразилийн шинэ Ерөнхийлөгч Лула Да Сильва нийслэл Бразилиа хотод онц байдал тогтоосон байна. Мөн хуулийн байгууллагаас иргэдийг үймээн самуунд турхирсан байж болзошгүй өмнөх төрийн тэргүүн Жайр Болсонаругаас байцаалт авахаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны 10-р сард болсон Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд хэт Барууны үзэлтэй Ерөнхийлөгч Болсонару ялагдаж, Зүүний улс төрч, Лула Да Сильва ялалт байгуулсан юм.

Харин Бразил улсын хэт Барууны үзэлт иргэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа мэдэгдэж, өнгөрсөн ням гарагт эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд энэ ажиллагаанд 3000 гаруй хүн оролцсон байна. Болсонару сонгуульд ялагдал хүлээснээсээ хойш өнөөг хүртэл олон нийтийн өмнө ил гараагүй байгаа төдийгүй АНУ-ын Флорида мужид байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Мөн тэрээр шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд ч оролцоогүй юм.