АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргыг 15 дахь удаагийн оролдлогоор сонгожээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Кевин Маккарти энэ сарын 7-нд 15 дахь шатны санал хураалтын дүнгээр Доод танхимын даргаар сонгогдлоо. Тэрээр 216 санал авсан бол түүний өрсөлдөгч Ардчилсан намын төлөөлөгч Хаким Жеффрис 212 санал авсан байна.

Өмнөх шатны санал хураалтад Кевин Маккарти дээрхтэй ижил тооны санал авсан юм. Энэ нь ялалт байгуулахад хангалтгүй байсан ч 15 дахь удаагийн санал хураалтад зургаан гишүүн нэр дэвшигчдийн аль нэгэнд нь санал өгөөгүй тул Маккарти Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдох боломжийг үүсгэсэн байна.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим нийт 435 суудалтай бөгөөд танхимын даргын сонгуульд ялахын тулд 218 санал авах шаардлагатай. Төлөөлөгчдийн танхимын дарга нь Америкийн Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгч ямар нэг шалтгаанаар үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх гурав дахь том албан тушаалтан юм. Ямар хуулийн төслийг хэлэлцэж, санал хураахыг Төлөөлөгчдийн танхимын дарга, түүний орлогч, хороодын дарга нар тогтоодог бөгөөд тэд хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож, хэлэлцүүлгийг зохицуулах дүрмийг тодорхойлдог байна.

Бүгд Найрамдах намын бүлэг намын гишүүнээ дэмжихээс татгалзсан тул танхимын даргыг сонгох санал хураалтыг 15 удаа явуулах шаардлагатай болжээ. Харин сүүлийн шатны санал хураалтад тэдний зарим нь байр сууриа өөрчилсөн байна.  Эх сурвалжуудын мэдээлснээр Бүгд Найрамдах намын зарим гишүүн Ерөнхийлөгч асан Дональд Трамптай утсаар ярьсны дараа байр сууриа өөрчилжээ.  Хамгийн сүүлд 100 жилийн өмнө буюу 1923 онд Төлөөлөгчдийн танхимын даргыг эхний шатанд сонгож чадахгүй нөхцөл байдал үүссэнээс есөн шатны санал хураалт явуулж байсан юм. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Төлөөлөгчдийн Танхимын даргаар сонгогдсонд Маккартид баяр хүргэж, "Бүгд Найрамдах намын төлөөлөгчидтэй хамтран ажиллахад" бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Төлөөлөгчдийн танхимын өмнөх даргаар Ардчилсан намын Нэнси Пелоси ажиллаж байсан юм. Тэрээр 2022 оны 11-р сард албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлажээ.