Монгол улсын Хөгжлийн банкнаас нийт 77 зээлдэгчид шууд болзолтойгоор 3.5 их наяд төгрөг зээлдүүлсэн байна. Эдгээрийн 22 нь зээлээ хэвийн төлж байгаа бол үлдсэн 55 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлт хэвийн бус үргэлжилж байна гэж үзсэн тул УИХ-д Хянан шалгах түр хороо байгуулсан байна. Тэгвэл уг Хянан шалгах түр хорооноос зээлийн эргэн төлөлттэй холбогдуулан нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулахаар болжээ.
Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан УИХ-ын Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулахаар болсон байна. Уг сонсголд тухайн үед удирдах албан тушаал хашиж байсан үе үеийн ерөнхийлөгч болон ерөнхий сайд, сангийн сайд нар бүхий 160 гаруй гэрчүүдийг оролцуулахаар болжээ.
Сонсголын нийт гурван үе шаттайгаар нэгээс гуравдугаар сард зохион байгуулна. Түүнчлэн үе үеийн төрийн өндөр албан тушаалтнуудын зарим нь хилийн чанадад байгаа юм. УИХ-ын Хянан шалгах түр хороо нь хилийн хориг тавих эрх бүхий байгууллага биш бөгөөд шүүхийн байгууллагад холбогдох этгээдүүдэд хилийн хориг тавих зөвлөмжийг хүргүүлсэн ч үр дүнд хүрээгүй гэж мэдээллээ.
Хөгжлийн банкнаас шууд зээлдүүлсэн 3.5 их наяд төгрөгийн 994 тэрбум төгрөг нь өнгөрсөн сард төлөгдсөн. Энэхүү сонсголд гэрчээр оролцох этгээдүүдийн өгөх мэдээлэл нь шүүхэд шууд байдлаар нотлох баримт болох юм байна.