“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүх эцэслэн хэлэлцжээ. С.Батдөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”, “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татсан ба шүүхээс нэг сарын хугацаанд цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
С.Батдөлийг татвараас зайлсхийсэн болон мөнгө угаасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Тодруулбал, 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг нууж татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7.3 тэрбум төгрөгийг ашигласан буюу мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татаад байна.
Харин яллагдагч С.Батдөлийн зүгээс прокурорын цагдан хорих санал үндэслэлгүй тул хувийн батлан даалтад гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн С.Батдөлийн эхнэр эмнэлэгт хэвтсэн, өсвөр насны охин нь сэтгэл санааны хүнд байдалтай байгаагаас гадна бүх эд хөрөнгийг нь хураасан гэсэн юм.
Мөн яллагдагч С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч прокуророос энэ талаар тодруулахад сэжигтнээр баривчлагдаагүй гэсэн тайлбарыг гаргасан байна.