Монгол хэлээ сурч эзэмших нь манай улсын иргэн бүрийн журамт үүрэг мөн. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол хэлний зөв бичих дүрэм алдагдаж, өөр өөр ойлголтууд бий болсон нь нэгдсэн нэг систем байхгүйтэй холбоотой гэж хэл шинжээчид үзэж байна.
Монгол хэл маш баялаг үгийн сантай. Одоогоор бид дунджаар 500-600 орчим үгийг өдөр тутмын хэрэглээнд ашиглаж байна. Гэхдээ эдгээр үгсийг зөв бичих дүрмийн дагуу хэрэглэж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Хамгийн наад зах нь албан бичиг, хаяг рекламын үг үсгийн алдаа үүнийг харуулж байна. Мөн сурагчид, оюутнууд, албан хаагчид, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарт алдаатай ярьж, бичих нь их болжээ. Иргэдийн зүгээс энэ бүгдийг эргэлзээтэй үгсийг нэг тийш шийдэж чадаагүй, Ерөнхий Боловсролын сургалтын системд Монгол хэл бичиг, уран зохиолын хичээлийн цагийг цөөрүүлсэн зэргээс шалтгаалж байна гэж шүүмжилж байна.
Монгол улсын ямар ч иргэн зөв дуудах хэм хэмжээ буюу төв дуудлагад захирагдах яриа, бичгийн зөв найруулгатай ярих зэрэг хэм хэмжээг баримтлах ёстой. Сүүлийн жилүүдэд залуус эх хэлээрээ өөрийгөө зөвөөр илэрхийлж чадахаа больсон. Тиймээс залуучуудад сургалт эзэмшүүлж байгаа арга технологи нь хэр оновчтой вэ гэдэгт анхаарах цаг нь хэдийнээ болсон гэж холбогдох салбарын мэргэжилтэн онцолж байна.
Монгол хэлний сургалтын бодлогыг зангидаж байгаа эрх бүхий байгууллагууд, эрдэмтэн судлаачид эх хэлний сургалт судалгаа, эх хэлээ сурч мэдэх ач холбогдол зэргийг таниулах сурталчилгаа сул байсан нь гарч байгаа эрсдэлүүдийг үүсгэх гол шалтгаан гэж хэл шинжлэлийн мэргэжилтэн үзэж байна.