Украины зэвсэгт хүчний алба хаагчид АНУ-д “Патриот” пуужингийн системийн сургалтад хамрагдана

Украины зэвсэгт хүчний 100 орчим алба хаагч ирэх долоо хоногт АНУ-ыг зорьж, “Патриот” агаарын довтолгооноос хамгаалах системийн сургалтад хамрагдана гэж Украины Ерөнхийлөгч өнөөдөр мэдэгдлээ. Оклахома мужийн Нисэх хүчний төв сургалтын талбайд сургалт явагдана гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч баталгаажуулан мэдээлсэн байна.

Шинжээчдийн Украины дайны үр дүнг өөрчлөх зэвсгээр нэрлээд байгаа газар-агаар ангиллын “Патриот” агаарын довтолгооноос хамгаалах систем нь Оросын агаарын довтолгооны эсрэг хүчтэй хамгаалалт болох магадлалтай. “Патриот” пуужингийн систем нь нисэх онгоц, далавчит пуужин, богино тусгалтай баллистик пуужинг устгах чадалтай төдийгүй, байгаа алдах магадлал 90 хувь бага буюу хамгийн өндөр нарийвчлалтай зэвсэг гэж шинжээчид тодорхойлдог байна. Украины эрх баригчид АНУ-д үйлдвэрлэдэг уг агаарын довтолгооноос хамгаалах системийг илгээхийг уриалсаар байсан нь өнгөрсөн 12-р сард биеллээ олсон. Украины Ерөнхийлөгч 12р сард цагаан ордонд айлчлах үеэрээ энэ талаар баталгаажуулсан мэдэгдлийг хийж байсан юм.

Тэгвэл зөвхөн нэг “Патриот” системийг ажиллуулахын тулд 100 орчим хүн шаардлагатай байдаг. Мөн уг системийн сургуулилалт хэдэн сар дамнан үргэлжилдэг ч энэ удаа хугацааг богиносгож, үр дүнтэй онол, дадлага хосолсон сургуулилалтыг явуулна гэдгийг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч онцолсон байна.

Энэхүү цогц зэвсгийн өөр нэг давуу тал нь зөвхөн нисэх онгоц, далавчит пуужин, дрон зэргийг устгахаас гадна баллистик пуужингийн довтолгоог зогсоох чадвартай. Энэ төрлийн пуужин нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчинд хамгийн их асуудал болоод байсан юм. Ийм төрлийн пуужин нь газрын гадаргуугаар нисдэггүй, харин баллистик траекторийн дагуу дээшээ өргөгдөж, тэндээс бараг босоо чиглэлд маш хурдтайгаар бай руу тусдаг байна.