2023 оны 1-р сарын 12-нд Монгол улсад анх удаа Монголын Хөрөнгийн биржээр дамжсан, экспортын нүүрсний цахим арилжааны эхний туршилт хийгдсэн байна. Хөрөнгийн биржээр нүүрсийг цахимаар борлуулснаар арилжааны бүх үйл явц нээлттэй болж түүнчлэн үнийн хувьд дэлхийн жишгээр борлуулах бололцоо бүрдэж байгаа юм.
Хөрөнгийн биржээр борлуулснаар нүүрсний арилжаанд оролцогч талууд болон ямар хэмжээтэй, үнэ ханшийг хэрхэн тогтоон арилжиж байгаа талаар тодорхой мэдээллүүд олон нийтэд нээлттэй болж байгаа юм. Ингэснээр нүүрсний үнийг тогтоон өгч, нүүрсний хулгай зэрэг асуудлыг цэгцлэх боломжтой болж байна.
Хөрөнгийн биржээр борлуулсан нүүрсний туршилтын дуудлага арилжаанд Хятад, Хонгонк, Сингапур зэрэг улсаас нийт 4 худалдан авагч оролцсон ба “Энержи Ресурс” ХХК 12.800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг Гашуун-Сухайт Терминалаас нийлүүлэх нөхцөлөөр 1 тонн нь 1290 юань буюу 187 америк долларын үнэ хүргэн борлуулсан байна. Дуудлага арилжаагаар дуудах үнэ эхний үнээс 12.2 хувиар өссөн байна. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсан байна. Энэ хуулийн дагуу зөвхөн нүүрс гэхгүйгээр бусад бүтээгдэхүүн таваарын биржээр арилжаалагдах боломжтой болж байгаа юм.