Өнгөрсөн ням гарагт Балба улсын зорчигч тээврийн нисэх онгоц осолдож, онгоцонд сууж явсан 72 хүн бүгд амиа алдсан гэж үзэж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр “ATR 72” зорчигч тээврийн онгоц нийслэл Катманду хотоос Покхар муж руу нислэг үйлдэж байх үед уг золгүй явдал тохиолдсон байна.
Нислэгийн багийн 4 гишүүнээс гадна, 68 зорчигч сууж явсан уг онгоц газардах оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн бөгөөд дараа нь агаарт тэнхлэгээрээ бүтэн эргэж улмаар Сети голын хавцлын орчимд осолдсон гэж гэрчүүд мэдээлсэн байна. Балбын Каски мужийн засаг захиргааны төлөөлөгчдийн мэдээлснээр эрэн хайх, аврах ажиллагааны явцад 68 хүний цогцсыг олсон байна. Зорчигчдын дунд Энэтхэг, ОХУ, БНСУ, Ирланд, Австрали, Аргентин болон Францын иргэд байсан талаар Балбын иргэний нисэхийн удирдах газраас гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Балбын Ерөнхий сайд Пушла Камал аюулгүй байдлын албаныхан орон нутгийн иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.
Золгүй явдалтай холбогдуулан 1-р сарын 16-ны даваа гарагт үндэсний хэмжээний гашуудал зарласан байна. Ослын шалтгааныг тогтоох комисс байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд комиссын бүрэлдэхүүнд Балбын цэрэг, нисэхийн салбарын төлөөлөл болох таван хүн багтжээ. Энэ нь 1992 оны 9-р сарын 8-наас хойш Балбын нутаг дэвсгэрт болсон нисэх онгоцны томоохон осол юм. Тухайн үед Өмнөд Катмандуд “Airbus 300” зорчигч тээврийн нисэх онгоц уул мөргөж, эмгэнэлт явдлын улмаас 167 хүн амиа алдаж байсан юм. Дэлхийн хамгийн өндөр уул нуруудын дийлэнх нь оршдог Балба улсад онгоц осолдох тохиолдол олноор бүртгэгддэг байна. Уулархаг бүс нутагт цаг агаарын нөхцөл байдал асар богино хугацаанд өөрчлөгддөг нь осол гарах үндсэн шалтгаан болдог гэж мэргэжилтнүүд үздэг байна.