Даваа гарагт Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 53 дахь удаагийн чуулга уулзалт эхэлсэн байна. Энэ удаагийн чуулганд 130 улсын 2700 гаруй төлөөлөгч, түүний дотор 50 улсын Төр засгийн тэргүүнүүд оролцож байгаа талаар Ройтерс агентлаг уламжилсан байна.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа төлөөлөгчид Олон улсад тулгамдаж байгаа эдийн засгийн сорилт бэрхшээлүүдийн талаар хэлэлцэнэ. Энэ удаагийн чуулга уулзалтын хувьд бизнесийн салбарын хамгийн олон буюу 1500 гаруй төлөөлөл оролцож байгаагаараа онцлогтой байна. Мөн Засгийн газар, Олон улсын байгууллагын 370 гаруй төлөөлөгч, Сангийн 56 сайд, Төв банкны 19 тэргүүн, худалдааны 30 сайд, Гадаад хэргийн 35 сайд оролцож байна.
Нэгэн цагт ОХУ-ын бизнес эрхлэгчид, Эрчим хүчний аж ахуйн нэгжүүдийн наймаа, арилжааны талбар байсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт сүүлийн хоёр жилийн хугацаанд Москвагийн талын оролцоогүй зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ энэ удаагийн чуулган онцлогтой байна. Түүнчлэн Кремлийн тэргүүн В.Путин Украинд халдан довтлох шийдвэр гаргасан нь ОХУ-ын тэргүүлэх эрдэмтэн, судлаач, эдийн засагчдыг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн юм.
Тэгвэл 53 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Украины эрх баригчид холбоотнуудынхаа хүрээг тэлж, эв нэгдлээ бэхжүүлж, Олон улсын томоохон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдаас дэмжлэг авахыг эрмэлзэж байгаа гэдгээ илэрхийлсэн бөгөөд Киевын талын 150 гаруй төлөөлөгч уг уулзалтад оролцож байгааг Ройтерс агентлаг уламжилжээ.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Германы Канцлер Олаф Шольц, Европын комиссын тэргүүн Урсула Фон Дер Лейен, Финландын Ерөнхий сайд Санна Марин, Польшийн ерөнхийлөгч Александр Вучич тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.