АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Энтони Блинкен ирэх сард БНХАУ-д айлчилна

АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2-р сарын 5-нд Бээжин хотноо айлчлах тов гарсныг Ройтерс агентлаг эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Айлчлалын хүрээнд Энтони Блинкен БНХАУ-ын шинээр сонгогдсон Гадаад хэргийн сайд Чинь Гантай уулзна. 

АНУ-ын Төрийн Департаментын тэргүүн Энтоний БНХАУ-д айлчлах үеэрээ Украины мөргөлдөөн, Бээжингийн цөмийн зэвсэг, мансууруулах бодисын наймаатай хамтран тэмцэх, мөн Хятад улсад хоригдож байгаа АНУ-ын иргэдийг эх оронд нь буцаах, ялтан солилцох асуудлын талаар хэлэлцэхээр болсон байна. Мөн тэрээр өнгөрсөн оны 8-р сард тухайн үед АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын даргын албыг хашиж байсан Нэнси Пелосиг Тайваньд айлчилсны дараа царцаасан цэргийн салбарын хамтын ажиллагааг сэргээх асуудлыг хөндөх төлөвтэй байна.  АНУ-ын Төрийн Департамент болон Вашингтон хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яам дээрх мэдээлэлд одоогоор тайлбар өгөөгүй байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар өнгөрсөн оны 11-р сард Индонез улсад болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Блинкений Хятадад хийх айлчлалыг 2023 оны эхээр зохион байгуулахаар тохиролцсон байна.  Үүнээс гадна АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен бнхау-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ-тэй Швейцарын Цюрих хотод лхагва гарагт уулзахаар болжээ. Өнгөрсөн 8-р сард Ненси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалаас үүдэлтэйгээр үүсээд байгаа хүндхэн нөхцөл байдлын дараа АНУ, Хятадын өндөр албан тушаалтнууд зөвлөлдөх уулзалтуудаа саяхнаас сэргээж ийнхүү эхлээд байна.