Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эсэх тухай мэдээллийг иргэд EHALAMJ.MN, E-MONGOLIA.MN сайтад нэвтэрч шалгаж эхэлсэн. Гэвч Халамжийн систем болон E-MONGOLIA системд иргэдийн гэр бүлийн байдал зөрүүтэй, хүүхдийн тоо өөрчлөгдсөн зэрэг алдаанууд их гарсан. Энэ нь тухайн иргэн өмнө оршин сууж байсан байраа зарахдаа бүртгэлээ хасуулаагүй байж болзошгүй. Мөн хүүхдээ сургууль, цэцэрлэгт ойр байрлалаас явуулахын тулд өвөө эмээгийнх нь нэр дээр өрхийн гишүүн гээд явж байгаа шалтгаанаас алдаа гарсныг үгүйсгэхгүй гэж холбогдох албаны төлөөлөл тайлбарласан байна.
Үндэсний статистикийн хороо, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг газруудын мэдээллийг анх удаа багцалсны үндсэн дээр 12 үзүүлэлтээр айл өрхийн орлогын түвшнийг үнэлсэн байна. Хэрэв мэдээлэл зөрсөн бол төр, иргэн хамтарч үнэн бодит болгон засаж залруулах юм байна. Тэгвэл иргэд өөрийн биеэр оршин сууж байгаа баг хороо, Улсын бүртгэлийн газруудад очиж мэдээллээ засах шаардлага гарч байгаа юм.
Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор УИХ-аас “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг 2022 оны 11 дүгээр сарын 11-нд баталсан. Улмаар энэ оны нэгдүгээр сараас эхлэн нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор болсон. Нийт хүүхдийн 9 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хассанаар жилд 118 тэрбум төгрөг сард 10 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хэмнэж байгаа юм. Үндсэн хуульд хүүхдийг нийгмийн гарал угсаа яс үндэс шашин шүтлэг зэргээр ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Гэвч төрөөс гаргаж байгаа энэхүү шийдвэрийг Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл гэж иргэд үзэж байгаа юм.