2023 онд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч таван хувиар өсөх боломжтой гэж Төр засгийн зүгээс мэдэгдсэн. Хятад улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, мөн Засгийн газрын өрийн тодорхой хэсэг төлөгдөх боломжтой болсон нь энэ онд эдийн засагт эерэг үр дүн авчирна гэж Төв банкны зүгээс үзэж байна.
Монгол улсын валютын нөөц өнгөрсөн оны эхний хагаст огцом буураад байсан бол оны төгсгөлд 3.4 тэрбум америк долларт хүрч өссөн юм. Мөн өнгөрсөн онд төлбөрийн тэнцэл тодорхой хэмжээнд сайжирсан байна. Энэ нь гадаад худалдаа тэр дундаа нүүрсний экспорт 2-р хагаст эрчимтэй сэргэсэнтэй холбоотой. 2023 оны хувьд 36 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа ч гүйцэтгэлийн хувьд илүү өндөр байх төлөвтэй байна. Тиймээс экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний эрэлт өндөр байвал валютын нөөц нэмэгдэх мөн ханш тогтвортой байна гэсэн хүлээлттэй байна. Мөн 2022 оны хувьд газрын тос, төмрийн хүдрийн экспорт 50-60 хувь хүртлээ буурсан боловч энэ онд хэвийн болох төлөвтэй байна.
Мөн өнгөрсөн онд Сангийн яамнаас Century-2 бондыг 650 сая америк доллароор арилжаалсан. Тиймээс энэ онд Засгийн газрын өр төлбөрийг шийдвэрлэх боломжийг нээж өгч байна гэж үзэж байгаа юм байна.
БНХАУ ковидын бодлогоо зөөлрүүлж, хилээ бүрэн нээсэн. Мөн 2022 оны 4 улиралд Хятадын эдийн засаг 2 орчим хувиар өсөх хүлээлттэй байсан бол 3 хувь өссөн байна. Энэ өсөлт нь 2023 онд үргэлжлэн Хятадын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд авчрах хүлээлттэй байгаа учир манай улсын хувьд ч эдийн засаг өсөх төлөв ажиглагдаж байна гэсэн юм.
Монгол улс эдийн засгийн өсөлтөө энэ онд 5 хувиар өснө гэж төсөөлж байгаа хэдий ч Дэлхийн банкны таамгаар улс орнуудын эдийн засаг 1.7 хувиар өсөх төлөвтэй байгаа нь ядуу буурай орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа юм.