Герман улсын баруун бүс нутагт нүүрсний уурхайн олборлолтыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өрнөж байна

Германы баруун нутагт орших нүүрсний уурхайг өргөтгөх ажлын хүрээнд Люцерат тосгоныг нураахаар болсныг тус улсын эрх баригчид энэ сарын эхээр мэдэгдсэн. Тус тосгоныг нурааж, нүүрсний олборлолт явуулахыг эсэргүүцсэн жагсаалд олон мянган иргэн оролцож, тус уурхайн бүсэд цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан байна.

Ням гарагт болсон эсэргүүцлийн жагсаалд Швед улсын идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунберг оролцсон байна. Зохион байгуулагчдын зүгээс жагсаалд 35 мянга орчим хүн оролцож байгаа хэмээн мэдэгдсэн бол хуулийн байгууллагаас 15 мянган хүн оролцож байгаа гэсэн зөрүүтэй мэдээлэл өгчээ.

Ням гарагт жагсагчид уурхайн бүсэд нэвтэрхийг завдсан бөгөөд улмаар Германы цагдаа нар усан буу, бороохой ашиглаж, жагсагчдыг тараахыг оролдсон байна. Харин одоогоор нөхцөл байдал намжсан төдийгүй Германы эрх баригчид жагсагчдын төлөөлтэй уулзаж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

Байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүд нүүрсний уурхайн олборлолт нэмэгдэх нь зөвхөн Герман улсын асуудал бус дэлхийн экосистемд хамааралтай гэдгийг онцолжээ. Энэ нь ирээдүйд мэндлэх хүүхдүүд, амьтан, ургамал гээд амьтай бүхэнд аюул занал учруулж байгаа тул эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн хэмээн идэвхтнүүд мэдэгджээ.