Сээр цохисноос үүдэж хүний алга, бугуй сарвууны яс бэртэх цаашлаад гар тайрах хүртэлх эрсдэл гарч байгаа талаар ГССҮТ-өөс мэдээллээ. Үүнээс гадна иргэд гараа бэртээсний дараа хар цайнд дүрэх, элсэн чихэр түрхэх зэргээр ахуйн аргаар эмчлэхийг оролддог байна. Энэ нь гарын бэртэл хүндрэх нэг шалтгаан болжээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар сарвууны тасагт 11 сарын байдлаар сээр цохисон гэх өгүүлэмжтэй 10 гаруй өвчтөнд хагалгаа хийсэн байна. 11 сарын үед энэ төрлийн бэртэл ихэсдэг байна. Сээр цохиход зөвхөн яс хугараад зогсохгүй гарын зөөлөн эдэд гэмтэл үүсгэдэг байна. Энэ нь гарын булчин болоод шөрмөс, мэдрэлийн багцад хүртэл гэмтэл үүсдэг. Яс хугарсан тохиолдолд хагалгаа хийсний дараа эдгэрдэг ч зөөлөн эдийн гэмтэл удаж эдгэрдэг, цаашлаад хүндрэл гарах магадлал өндөр байдаг байна.