Жил бүр СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт халиа тошин үүсэж иргэдийн амьдрах орчинд хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Одоогоор тус хороонд 68 айл өрх амьдарч байгаагаас 38 нь газар эзэмших зөвшөөрөлгүйгээр оршин сууж байна. Тухайн айл өрхүүдэд дүүрэг, хорооноос нүүлгэн шилжүүлэх шаардлага тогтмол хүргүүлдэг ч нэгэнт суурьшсан газраасаа нүүх боломжгүй гэсэн хариу өгдөг байна.
СХД-ийн 26-р хорооны зарим айл өрхүүд халиа тошинд өртөж, гэр, байшин, хашаа нь усанд автан, хүндрэлтэй нөхцөлд байна. Эдгээр айлуудаас 10 нь өөрсдийн хүсэлтээр нүүсэн бол үлдсэн айл өрхийн төлөөллүүд нүүх бодолгүй байгаагаа илэрхийлж байсан юм. Хороо, дүүргээс нь тухайн айл өрхүүдэд шинээр суурьших газар зааж өгдөг ч алслагдмал байршил байдаг учраас иргэдийн зүгээс нүүх боломжгүй гэсэн хариултыг өгдөг байна.
Газар эзэмших эрхгүй 38 орчим айлд хороо, дүүргээс нь жил бүр шилжилт хөдөлгөөн хийх тухай шаардлагыг хүргүүлдэг мөн газар эзэмших зөвшөөрлийг нь олгохгүй байх зэрэг арга хэмжээ авдаг ч иргэд эрсдэлтэй бүсэд амьдарсан хэвээр байна. Мөн зарим иргэд өвлийн улиралд түр нүүж дулааны улирал эхлэхэд буцаад ирдэг байна. Тухайн байршилд геодези, усны барилга байгууламжийн газраас гар ажиллагаа болон механизмаар суваг татаж мөсөөр далан босгосон. Түүнчлэн айлуудыг усанд автахаас сэргийлэн гүүрэн доорх гаргалгаанд 500 кг бодис хийж халиа ихсэх явцыг сааруулсан байна.