Улсын ерөнхий прокурорын газраас нүүрсний хэрэгт холбогдуулан 92 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Үүнээс 44 нь төрийн алба хаагч, 48 нь аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх, удирдах албан тушаалтан болон бусад иргэн байна.
Өнгөрсөн 12-р сард нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 хүнийг авлигатай тэмцэх газраас зарласан. Нэр дурдагдсан гишүүдийн заримд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт гаргасан байна. Тухайлбал "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг, "Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Р.Сэддорж, Д.Ариунболд нарыг яллагдагчаар татсан. Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарсан байна.
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 46 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Одоогийн байдлаар 23 хүнд холбогдох 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Мөн прокурорын байгууллагат 28 хүнд холбогдох 2 хэрэг хяналтын шатанд байгааг мэдээллээ . Гашуунсухайтын Гаалийн газрын Улсын байцаагч болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн шалган нэвтрүүлэх албан хаагчдад холбогдож байна.