2022 онд АНУ-ын Капитолын цагдаагийн алба хууль тогтоогчдын амь нас болон аюулгүй байдалд заналхийлсэн 7500 гаруй хэргийг шалгажээ

2022 онд АНУ-ын Капитолын цагдаагийн албаны мөрдөн байцаагчид тус улсын хууль тогтоогчдын амь нас болон аюулгүй байдалд заналхийлсэн 7500 гаруй хэргийг шалгасан тухайгаа мэдээлжээ. Энэ нь 2017 оны үзүүлэлтээс хоёр дахин өссөн үзүүлэлт болсон бөгөөд тухайн жилд 3800 орчим энэ төрлийн хэрэг бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Капитолын цагдаагийн албаны дарга Том Мангер "Конгрессын гишүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа заналхийллийн шинжтэй гэмт хэргийн тоо нэмэгдсээр байна. Энэ нь мөрдөн байцаагчдын чадвар, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж байгаа ч алдаа гаргасан тохиолдолд сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй” гэдгийг мэдэгджээ. Харин тэрбээр аль намын эрх баригчид илүүтэйгээр заналхийлэлд өртөж байгаа талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Өнгөрсөн оны 10-р сард АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелосигийн гэрт нэгэн этгээд нэвтэрч, нөхрийг нь алхаар цохиж алахыг завджээ. Вашингтон хотын шүүхээс түүнд бусдын амь насанд аюул занал учруулахыг завдсан хэргээр 6 жилийн хорих ял оноосон байна. Мөрдөн байцаалтын үеэр тухайн гэмт хэрэгтэн Ненси Пелосиг хөнөөхөөр гэрт нь очсон талаараа мэдүүлсэн байна.

Энэ мэт томоохон хэргүүдийг хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлдэг ч зарим жижиг хэдий ч хүний сэтгэл санаанд нөлөөлөхүйц заналхийллийн шинжтэй гэмт хэрэг хууль тогтоогчдын эсрэг үйлдэгдсээр байгааг Том Мангер онцолжээ.