Угсаатны зүйч Ц.Гочоо агсны “XX зууны дунд үеийн Монголчуудын дүрслэл” номын нээлт боллоо
Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс угсаатан судлаачдын олон жилийн судалгааны гэрэл зургуудыг нэгтэн цувралаар хэвлэж эхэлжээ. Өнөөдөр хоёр дахь бүтээл болгон угсаатны зүйч Ц.Гочоо агсны “XX зууны дунд үеийн Монголчуудын дүрслэл” номын нээлтийг хийжээ. Уг номонд 1964-1967 онд хээрийн шинжилгээний ажлын үеэр буулгасан 200 гаруй зургийг нэгтгэн оруулсан байна.

Монголын анхны угсаатны зүйн судлаачдын нэг нь Цэвээний Гочоо. Тэрээр 1962-1972 оны хооронд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байжээ. Энэ хугацаандаа 17 аймгийн 50 гаруй суманд хээрийн судалгаа хийсэн байна.

Ц.Гочоогийн “Зургуудын дурсамж: XX зууны дунд үеийн монголчуудын дүрслэл” бүтээлд Монгол орны зүүн, төв, умард бүс нутгийн ард иргэдийн ахуй амьдрал, гэр орон сууц, хувцас, нүүдэл, гэр ахуйн хэрэглэл, гар урлал зэрэг олон талт соёлын мэдээллийг гэрэл зургаар хүргэж байгаагаараа онцлог юм.

Угсаатны зүйч Ц.Гочоогийн Хөвсгөл, Архангай, Сүхбаатар, Өвөрхангай, Дорнод, Төв аймагт хээрийн шинжилгээ хийх үедээ авсан гэрэл зургууд болон судалгааны үед олдсон цөөнгүй тооны эд зүйлсийн зургуудыг “XX зууны дунд үеийн Монголчуудын дүрслэл” номонд оруулжээ. Уг бүтээл нь судлаач, гэрэл зураг сонирхогчид болон залуу үеийнхэнд судалгааны гол баримт болно гэдгийг номын нээлтийн үеэр онцолж байна.