Дэлхийн 2-р дайнд цуст тулаан өрнөсөн газрын нэг болох Сталинградад Зөвлөлтийн арми ялалт байгуулсны 80 жилийн ойн баярыг өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын эрх баригчид тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Кремлийн тэргүүн В.Путин хуучнаар Сталинград гэгддэг Волгоград хот руу очиж, дайны үеийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцон, ойн баярын арга хэмжээнд үг хэлжээ.
Сталинградын тулалдаан зургаан сар гаруй үргэлжилж, 1943 оны 2-р сарын 2-ны өдөр нэг сая гаруй хүний амь үрэгдсэний дараа Германы цэргүүд бууж өгснөөр өндөрлөсөн байна. Улаан армийн тэрхүү ялалт өмнө нь хэд хэдэн тулаанд хүнд ялагдал хүлээсэн Зөвлөлт улсын зэвсэгт хүчний хувьд төдийгүй холбоотон улсуудад эргэлтийн цэг болсон юм.
Тэгвэл уг ялалтын 80 жилийн ойн баярын үеэр Владимир Путин Герман улс дэлхий дахинд дахин аюул занал учруулж байгааг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр “Итгэхэд хэцүү ч гарцаагүй үнэн бол Герман улс бидэнд дахин аюул занал учруулж байна. Герман улс "Leopard" танкаа Украинд илгээхээр боллоо. Гэхдээ энэ дайнд ОХУ илүү хүчирхэг зэвсэгтэйгээр оролцож байгаа төдийгүй 80 жилийн өмнөхөөс нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгийг ойлгохгүй байна.” хэмээн анхааруулсан мэдэгдэл хийжээ.