Филиппин улсын цэргийн баазуудад АНУ-ын цэргүүдийг нэвтрүүлэх зөвшөөрөл олгожээ

Филиппин улсын дөрвөн цэргийн баазад АНУ-ын цэргүүдийг нэвтрүүлэх болон үйл ажиллагаандаа ашиглах зөвшөөрлийг олгохтой холбоотой асуудалд талууд тохиролцоонд хүрсэн гэж Пентагоны хэвлэлийн албанаас өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ. 2014 онд байгуулсан хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай гэрээнд Филиппиний цэргийн таван баазыг АНУ-ын цэргүүд ашигладаг байсан юм.

Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт талууд дахин зөвшилцөлд хүрч Филиппин улсын стратегийн бүсэд нэмээд дөрвөн цэргийн баазыг ашиглахаар болжээ. Ийнхүү АНУ-ын зэвсэгт хүчин Өмнөд Хятадын тэнгистэй ойр бүсэд дахин дөрвөн цэргийн баазад цэргээ оруулахаар болсныг шинжээчид онцолсон байна.

Өнгөрсөн 8-р сард АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга асан Ненси Пелоси Тайваньд айлчилснаас хойш Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын зэвсэгт хүчин олон удаагийн цэргийн бэлтгэл сургуулилалт явуулсан байна. Тус бүс нутгийн аюулгүй байдал алдагдах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа энэ үед Филиппин улсын эрх баригчид Нэгдсэн улсын зэвсэгт хүчнийг өргөн хүрээтэйгээр эх орондоо нэвтрэхийг зөвшөөрчээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Манила хотод айлчлах үеэрээ талууд зөвшилцөлд хүрснийг анхлан мэдэгдсэн байна. 

Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн үед хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зогсонги байдалд хүрч байсан. Харин шинэ засаг захиргаа гэрээний хэрэгжилтийг хурдасгахыг зорьж байгаа гэдгээ илэрхийлснээр дээрх үр дүнд хүрсэн байна.