Банк санхүүгийн болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс зээл аваад хугацаанд нь эргүүлж төлөөгүй тохиолдолд 6 жилийн турш Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн чанаргүй зээлдэгчийн ангилалд нэр нь байрших хуулийн заалттай байдаг. Тэгвэл иргэд ихэвчлэн бага дүнтэй зээлээс шалтгаалж энэхүү хар жагсаалтад орсон тухай ярьж байна. Тиймээс зээлийн дүнгээс нь хамаарч хар жагсаалтын хугацааг өөрчлөх шаардлагатай гэж иргэдийн зүгээс хэлж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч, ангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын дагуу төлөгдөж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг ангилдаг байна. Үүнд
- Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног -хэвийн
- 90 хүртэл хоног - Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
- 91-180 хоног – Хэвийн бус
- 181-360 хоног – Эргэлзээтэй
- 361-с дээш хоног – Муу
Дээрх заасан хугацаа хэтэрвэл иргэн Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн чанаргүй зээлийн ангилалд орно. Улмаар авсан зээлээ төлж барагдуулснаас хойш зургаан жилийн дараа зээлийн мэдээллийн лавлагаанаас иргэний нэр хасагдах юм. Харин энэ үйлдэлд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Ихэвчлэн утасны дугаарын төлбөр, аппликейшны бага дүнтэй зээл зэргээс шалтгаалж чанаргүй зээлийн ангилалд нэр нь удаан хугацаанд байрших нь шударга бус үйлдэл тиймээс зээлийн хэмжээнд нь тааруулж хар жагсаалтыг хугацааг багасгах хэрэгтэйг зарим иргэд хэлж байна.
Тухайн иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд нь гаргаж хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой. Мөн Монголбанк зээлдүүлэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан шалтгаан үндэслэлийг судлах ба өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн төлөгдсөн болон алдаатай нийлүүлэгдсэн зээлийн мэдээлэлд өөрчлөлтийг оруулна.