Нэг дор хэт олон ТҮЦ байршиж байгаагаас орчны ариун цэврийн байдал алдагдаж байна

Автобусны буудлууд дээр нэг дор хэт олон ТҮЦ байршсанаар иргэдийн зорчих хэсэгт саад учруулах, гэрлэн дохиог хаах, орчны бохирдол үүсгэх зэрэг сөрөг үр дагаврууд үүсгэж байна. Тиймээс эхний ээлжид ТҮЦ-үүдийн ойр орчмын талбай болон дотоод орчин дахь тохижилт үйлчилгээг сайжруулах шаардлага тавьжээ.

Нийслэлийн хэмжээнд 1300 орчим түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэд өмнө нь худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Харин нийслэлээс гаргасан шийдвэрээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэн зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр дээр үйл ажиллагааг явуулах эрхтэй болсон.

Харин НЗДТГ-аас дүүргүүдэд ажиллаж тухайн дүүргийн удирдлагуудад чиглэл өгсөн байна. Тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуй нэгж байгууллагуудад ойр орчмынхоо ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг хангаж тохижилт үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарахыг зөвлөсөн байна.

Нийслэлээс хориотой буюу нийтийн эдэлбэр газар, явган хүний зам талбай, автобусны буудлын орчим зэрэг иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байршлуудад байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн ч хараахан ажил хэрэг болоогүй байна. Харин худалдаа эрхлэгчдэд орчны эрүүл байдлыг хангах тал дээр анхаарч ажиллахыг нийслэлээс шаардаж байна. Мөн цаашид ТҮЦ-үүдийн стандартыг сайжруулах шаардлагатай байна.